Tuesday, January 15, 2013

Өвөө минь


Урд шөнийн өмнөх шөнө өвөөгөө зүүдэллээ. Өвөө гэдэг маань эмээгийн маань ах лдаа. Насаараа дүүтэйгээ амьдарч, олон хүүхдийг нь харж хүн болгосон ачтай буянтай бидний хамгийн хайртай хүн минь билээ. 
Эмээ маань 12 хүүхэдтэй лдээ. Одоо манайхан ач зээ, ачинцар, зээнцэр нийлсэн маш олон хүн болсон. Тоолбол бараг тоогоо алдаа бизээ. Саяханыг хүртэл би хүүхэд байсан гэж бодхоор гээд өөрийгөө жаахан залуу болгочихдог юмуу. 
Би бараг мэдээ орсон цагаасаа л хөдөө байсан даа. Манай аав ээж эгч дүү бидний хэдэн хүүхдүүдээ бүгдийг нь хөдөө аваачаад өгчихдөг байсан хэрэг. Мэдээ орсон цагаас л хүн олонтой, шаагилдсан, тараг цагаан дээр өссөн азтай хүүхэн лдээ би.
Өвөө маань залуудаа их өндөр сайхан залуу байж байгаад, гэнэт л суумгай болсон гэнэ лээ. Лусын хорлол болсон гэж л ярьдаг юм. Миний мэдээ орход л суумгай байсан. 80 нилээн гартлаа л тиймээрээ байсан даа. Залуудаа бас суумгай хүний чийчаан барьдаг байсан гэж байгаа. Тэр нь тэгээд миний багад түрж байгаад асаадаг тийм цагаан тэрэг байж билээ.
Өвөө бид нараар их тоглоноо. Зуны амралт болонгуут л хөдөө тийшээ томоо гэгчийн гахай цүнхээ дүүргэж аваад л явдагсан. Өвөө шоолоод л, за гахайндаа юутай ирэв гээд л. Одоо бодход нээрээ гэрээ нүүлгэж байгаа аятай л том эрээн гахайг дүүрэн хувцас чирээд очидог байж.
Заримдаа сууж байгаад л зальтайгаар инээж байгаад л:
-ишшшш муу охин минь хөдөө ингэж зовж байхаар өндөр шилэн байшиндаа диван дээрээ тухлаад л сууж байсан бол сайхан байхгүй юу гээд л инээнэ. Тэр үед сандраад л өвөө хөдөө байхад гоё гээд л. Одоо бодход тэр хариултанд бас их баярладаг байсан шиг.
Өвөө залуудаа хийдэд шавилан сууж байсан болохоор, бидэндээ маш том лам байлаа. Бидний төлөө байнга л ном уншиж, аян замд гархад арцаа уугиулаад л, одооч үнэртэх шиг. Аргалын цогоор асааж, данхны тагаар сэвээд л асаадагсан.
Орой болоод л унтах гээд хэвтэхээр сонин хачин зүйлс их ярьдаг байж билээ. Долоон бурхан одны тухай. Хүн бүрийн од тэнд байдаг тухай, төрсөн жилээр нь чиний од тэр гээд л хэлж өгдөг байж.
Өвөөгийнхөө цээжлүүлсэн ногоон дарь эхийн тарнийг одоо ч гэсэн байнга уншаастай. Айх, эвгүйцэх бүхий л зүйлд уншчихад би ганцаараа биш ханьтай болчихсон байдаг юм.
1995 оны үед юмуу даа, аав маань хар 24 авсан юм. Бид хөдөө байсан хэрэг лдээ. Өвөө тэгсэн байн байн бид нараар тоглодог өнөөх л зангаараа, хөөх тэнд утаа гарч байна уу даа, хар 24 тоос татуулаад л ирж байх чинээ гээд л, хүүхэд юм болохоороо тоглож байгааг нь мэдэж байсан ч сэмхэн харуулддаг байж билээ. Нээрээ л хичээл орох дөхсөн нэгэн өдөр аав ээж 2 маань тоос татуулаад л ирж билээ.
Өвөө өөртөө нэг тэрэг хийчихсэн тэр нь газраас нэг 30см өндөр юмуу даа, 4 дугуйтай, тэрэн дээрээ өөрөө гараад суучихдаг. Цасны таягаар тэрнийгээ жолоодоод явнаа. Ихээ урт хуруутай том гартай, гарын эв дүй сайтай, юмхнаар юм хийчихдэг хүн байсан юм. Хагарсан аяга, цоорсон сав, за тэгээд хөдөө хэрэг болох бүхий л зүйл өвөөгийн гараар ордог юм.
Өвөө минь дээд тэнгэртээ очоод нилээн хэдэн оныг үджээ. Би гэж тэнэг охин үнэхээрийн тэнэг байж боломгүй муухай сэтгэлийг тэр үед гаргасан даа. Ёстой л сохор, тэнэг байж дээ. Өөрийгөө зүхэхийн ихээр зүхдэг юм. Өвөө тэнгэрт хальхад бүгд л хөдөө гэр лүү явсан юм, харин би ичиж үхмээр муухай шалтгаанаар яваагүй. Одоо бодхоос л өөртөө гомдож, арчаагүйгээ санадаг юм.
Ажил явдал нь сайхан болсоон, өвөө минь ил тавиулсан юм. Бараг өдөртөө л байхгүй болсон гэдэг. Бид бүгдийн хэнийх нь ч сэтгэлд ялгаа байхгүй сайхан инээсэн тэр л төрхөөрөө үүрд дурсагддаг юм өвөө минь. Өвөөг өнгөрсний дараа эмээд минь маш хүнд байсан. Аргагүй шүү дээ. Бүх насаар нь хамт амьдарсан хүн нь юм шүү дээ. Эмээ минь 2 хүнтэй суусан боловч 2лаа эмээгийн хажууд үлдээгүй дээ. Бидний төрсөн өвөө хүнд алуулчихсан юм гэнэ лээ. Харин ээжийн дүү нарын аав нь салаад явсан юм билээ. Ингээд эмээ минь насаараа ахтайгаа хамт амьдарсан хэрэг. Өвөө минь насаараа л дүүгээ харж хандаж хүн болгосон хэрэг.
Өвөөгөө би байнга зүүдэлдэг юм. Гэртээ өөрийнхөө орон дээр суучихсан байнга л инээж байдагсан. Гэрт явж ороод өвөөгөө харчихаад зүүдэн дундаа би боддог юм. Энэ чинь юу билээ, өвөө өнгөрчихсөн шүү дээ гээд л, өвөө минь тэгж л байнга инээж сайхан байгаагаар бид бүгдэд зүүдлэгддэг юм.
Харин, уржигдарын тэр зүүдэнд өвөө минь инээсэнгүй. Гэрт орох гэтэл гэрийн хаалга хаалттай байлаа. Хаалганы уяаг бүслүүрт нь уячихаж. Тайлаад ортол далийдуу газар суучихсан өөдөөс минь асуух мэт харж байх юм. Би яагаад ч юм урдны зүүднүүд шиг баяртай байсангүй. Тэр байтугай өөдөөс нь харж чадахгүй нэг л дальдраад байх шиг мэдрэмж төрөөд. Тэгээд хэд хэдэн удаа харах гэж оролдоод чадалгүй гартал өөдөөс эмээ ирж байх юм. Тэгээд эмээг харчихаад, өө эмээ ирж байна гэж бодсон хирнээ уулзсангүй, эргээд гэр лүү яваад орчихлоо. Өвөө өнөөх харцаараа харсан хэвээрээ л сууж байна, тэгээд л би сэрчихлээ.
Өвөө надад юуг хэлэх гэсэн юм бол. Өвөөг зүүдэлсэн талаар манайхан хэлэхдээ бараг ихэнхдээ л адилхан инээж байгаагаар зүүдэлдэг юм. Юуг ч хэлэх гээгүй зүүд төдий байж болох ч гэлээ сэтгэлд нэг л тиймэрхүү байх юм. Буян нэхдэг гэдгийг би буруу гэж боддог юм. Яавч буян нэхсэн дээ зүүдлэгддэг байх учиргүй. Ямар нэг зүйлийг сануулж, анхааруулах гэсэн юм болов уу та минь?

No comments: