Wednesday, January 13, 2016

Шинэ оны мэнд

Шинэ оны мэнд гэхгүй юу, арай л эрт үү ккк
Хуучин он минь бас л зав зайгүй өнгөрсөн.
Оны эцэст гал тогоогоо эзэгнэсээр л өнгөрсөн дөө.
Том хүү минь амарчихсан байгаа болохоор өвөөгийндөө, бага хүү минь албандаа зүтгээд л.
Цаг агаар үнэхээр хүйтэн байнаа.
Дулаацах гэж уусаар шээс алдсаар дулаацсан ч юмгүй.
Аав минь эмнэлэгт хэвтсэн байгаа.
Нуруу нь өвдөөд болохгүй юм.
Хамт ажилладаг болохоор дасаад тэр юмуу ядарч байгааг нь тэр бүр анзаарахгүй юм. Гэтэл их л хөгширч дээ аав минь. Аавгүй бол би хэн бэ гэх бодол муу ёрын ч байнга бодогдох юм даа. 30 гарсан хирнээ л аавынхаа хормойнд зүүгдэж амьдарч байна даа.
Би энэ амьдралдаа ганц л том нүгэл хийсэн гэж өөрийгөө зүхэж ялладаг юм. Аав ээж 2 минь тэрийг мэдсэн ч гэлээ, аав минь өөрийн нүдээр харсан ч гэлээ надад юу ч хэлээгүй. Би шууд л өөрийгөө татаж авсан даа. Хэрвээ миний хүүхэд тэгвэл яах вэ гэж би өөрөөсөө байнга асуудаг юм. Яг над шиг занг хүүхдүүд минь надад гаргавал би ухааруулж чадах болов уу гээд л.
Ачыг нь хариулж чадахгүй юмаа гэхэд итгэлийг нь алдахгүй найдвартай ар тал нь байж чадах юм сан гэж хүсэх юм. Гэхдээ л хормойнд нь зүүгдсээр өдийг хүргэчихэж.

Нөхөр бид 2 ярилцаад манай хүн хотын офиссоос хөдөөгийнх рүү шилжих анкет бөглөлөө. Ярилцлага өгөөд орох эсэх нь тодорхой болно.
Уул нь явуулах хүсэл огтоос алга ч гэлээ нийгэм хүнд байгаа болохоор найдвартай ажлын байрны төлөө, арай ахиу цалингын төлөө явхаас арга алга даа. Бага маань сургуульд ортол бас ч гэж 3 жилийн зай байна. Тэр болтол ажиллаад хот руу ирэх болзолтойгоор явж ажиллахыг зөвшөөрөв. Мэдээж 2-лаа хариуцлагаа ухамсарлаж бүтэн 3 жилийн төлөвлөгөө гаргасан улс чинь бүх зүйлээ төлөвлөж байна даа. Угаасаа жилд нилээн олон удаа хөдөө явдаг байсан тул туршлага ч байна. Хөдөө явхад гэр бүлийн харилцаанд учирдаг асуудлуудаа ярилцсан. Ямарч байсан 2-лаа хичээгээд үзнэ гэж төлөвлөлөө. Хадмууд маань мэдээж туслана.

Удаах төлөвлөгөө мэдээжийн хэрэг 3 дах жилдээ барьж буй зуслангын байшингаа дуусгах. Бас л мөнгөний асуудал. Гэхдээ энэ жилдээ заавал дуусганаа. Хувьсгалын тохироог бүрдүүлнээ.

Төд удалгүй л 35 хүрлээ. Нөхөр бид 2 40 хүртлээ хийж амжих зүйлс болон, хийхийг хүсэж буй зүйлсээ баахан ярилцав.
Хүүхдүүдийн ирээдүйн боловсрол мэдээж чухал байр суурь эзэлсэн.
А тийм, хадам маань манай томыг анги дэвшүүлнэ гээд байгаа. Энэ нь миний үзэл бодолтой тэрсэлдээд толгой жаахан гашилгаж байгаа. Мэдээж шинэ юм сурах, хүүхдийн оюун чадамжыг бодож үзвэл мэдээж анги ахиулж сургах нь зөв ч гэлээ, хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Хүүхэд насаа ч мэдэхгүй томрох ямар хэрэг байхав дээ. Тэртээ тэргүй насаараа л сурхаас хойш гэж би боддог. Гэхдээ бас буруудчих вий гэсэн айдас байгаад л байна. Ямартай ч дунд анги хүртэл нь энгийн сургаад дунд ангиас нь шалгалт өгүүлмээр байна гэж зүтгэнэ дээ.
Эцэг эх болгон л хүүхдээ сайн сайхан мундаг хүн болоосой, өөрсдөөс нь илүү байгаасай, өөрсдийнхөө алдааг битгий давтаасай гэж хүсдэг ч гэлээ энэ бол тэдний л хүсэл шүү дээ. Хүүхэд харин юу хүсдэг бол?

1 comment:

БМР said...

шинэ оны мэнд

их завгүй шинэ он эхэлж байна даа тэ